ШУТИС-ийн Барилга Архитектурын сургуулийн Инженерийн байгууламжийн тэнхимийн ахлах багш, дэд профессор Б.Аюурзана Италийн Катаниагийн их сургуульд ажиллаад ирлээ.

Тус сургуулийн багш Б.Аюурзана нь 2026 оны 1 сарын 11 – 1 сарын 20 хооронд Италийн Катаниагийн их сургуулийн Барилга, Архитектурын тэнхимд TNE LEGO төслийн хүрээнд туршлага солицлох хөтөлбөрт амжилттай хамрагдлаа. Катаниагийн их сургууль нь олон чиглэлээр боловсрол олгодог их сургууль бөгөөд усны инженерчлэлийн чиглэлээр олон улсад нэр бүхий эрдэмтэдтэй сургууль болно. Катаниагийн их сургуульд ажилласан үеийг гурван чухал үйл ажиллагаанд хувааж болно. Эхнийх нь хээрийн аялал бүхий сургалтын хэсэг, хоёр дахь нь усны инженерчлэлийн чиглэлээр хамтран ажиллах боломжуудын талаарх хэлэлцүүлэг, гурав дахь нь “engineering and technology for sustainability” сэдэвт туршлага солилцох семинар байв.

Хээрийн сургалтын үеэр Сицилийн арал дээрх усны инженерчлэлийн чухал обьект болох Ансипа усан санг үүсгэх хөндийт бетон боомт, түүнээс ус авч эрчим хүч үйлдвэрлэх усан цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцаж, боомтын тогтвортой байдлыг хангахад авч хэрэгжүүлсэн инженерийн инновацийн шийдлийн талаар, боомтын аюулгүй байдлын хяналт хэмжилтийн талаар туршлага судалж амжсан. Мөн далайн эргийн давалгаа намжаагуурын байгууламжийн угсралтын ажилтай танилцахдаа төлөвлөлтийн үеийн судалгаа болон инженерчлэлийн онцлогын талаар мэдэж авсанаас гадна Катаниагийн усан боомтын ирээдүйн тогтвортой хөгжлийн талаарх төлөвлөлтүүдийн талаар суралцав. Эдгээр хээрийн сургалтын үеэр олж авсан мэдлэгүүд нь их сургуульд зааж буй мэргэжлийн хичээлүүдэд улс бүрийн онцлогыг харуулах жишээ төслүүд байдлаар ашиглагдах болно.

 

Троинагийн усан цахилгаан станц ба Ансипа боомт бүхий усан сан

Хоёр сургуулийн ахисан түвшний хөтөлбөрүүдийн ижил төстэй зүйлс, оюутнуудын судалгааны ажил, профессоруудын судалгааны төслүүд, туршилт судалгааны гидравликийн лабораторитой танилцаж хамтран ажиллах боломжтой чиглэлүүдийг тодорхойлсон. Катаниагийн их сургуульд Ус ба тээврийн магистрын хөтөлбөр байсан нь инженерийн байгууламжийн тэнхимийн усны болон замын мэргэжлийг нэгтгэсэн магистрын хөтөлбөр юм байна. Энэ хөтөлбөр нь инженерийн байгууламжийн тэнхимийн төгсөгчдөд нэн тохиромжтой хөтөлбөр болохыг хөтөлбөрийн агуулга, цар хүрээнээс олж мэдсэн юм. Мөн Итали даяар Defense from Natural Risks and the Ecological Transition of Built Environments гэсэн докторын хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд уг хөтөлбөр нь мөн манай сургуулийн төгсөгчдөд нэн тохиромжтой байна. Катангиагийн их сургуулийн усны инженерчлэлийн баг далайн эргийн инженерчлэлийн чиглэлээр түлхүү ажилладаг учир тэр чиглэлийн төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж доктор оюутнуудыг санхүүжүүлэн ажилладаг байна. Хотын болон голуудын үерийн эрсдэлийг бууруулах, байгальд түшиглэсэн шийдэл нэвтрүүлэх чиглэлээр мөн судалгааны төслүүдийн туршлага байдаг учир энэ чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо. Хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх гол боломжууд нь ERASMUS болон EU Horizon, Итали-Монголын хамтын ажиллагааны стратегийн зарим дэмжлэгүүд байж болох талаар ярилцав. Мөн солилцооны үеэр доктор оюутны судалгааны ажилтай танилцаж судалгааны ажлаа чанаржуулах зөвлөмж өгч ажиллав. Хамтын ажиллагааны хэлэлцүүлгийн үеэр хоёр сургуулийн хөтөлбөр, хичээлийн агуулгын харьцуулалтыг хийснээр хичээлийн агуулгаа сайжруулах боломжуудыг тодорхойлсон.

Катаниагийн их сургуулийн профессор Rosaria Ester Musumeci -тай хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байна.

Катаниагийн их сургуулийн гидравлик, усны барилга байгууламжийн лабораторид зочилж гүйцэтгэх боломжтой туршилтын ажлууд болон тул лабораторид хэрэгжүүлсэн зөвлөх үйлчилгээний судалгааны ажлын загваруудтай танилцав. Лаборатори нь нийт 320 м2 орчим талбайтай бөгөөд далай тэнгис, гол, өргөн голдиролыг загварчлах нийт 4 лотоктой, гидравликийн хичээлд зориулсан хоолойн урсгалын олон туршилтын төхөөрөмжүүдтэй байв. Энэ лабораторид хамгийн сүүлд хийсэн судалгааны ажил нь Катаниагийн далайн эргийн усан боомтын давалгаа намжаагуурын физик загварчлалын ажил байв.

Катаниагийн их сургуулийн гидравликийн лабораторид

Солилцооны үеэр Катаниагийн их сургуулийн Барилга, Архитектурын магистр, доктор оюутнуудад зориулан Тогтвортой хөгжлийн төлөөх инженерчлэл ба шинжлэх ухаан: усны инженерчлэлийн чиг хандлага нэртэй лекц уншив.

Лекцийн зар

Монголчуудын ахуй соёлд байх бүгд, бид, би гэсэн өөр хоорондоо агуулагдсан зарчим нь тогтвортой хөгжлийн байгаль орчин, түүн дотор нийгэм, түүний дотор эдийн засаг багтсан байх зарчимтай хэрхэн нийцэж байгаа, бид тогтвортой хөгжлийн талаар өөрсдийн салбартаа хэрхэн ажиллах, бусад салбартай хэрхэн салбар дундын болон дамнасан байдлаар ажиллах талаар өөрийн бодлоо хуваалцсанаас гадна хотын жижиг голуудын үерийн эрсдэл, хотын голуудын тогтвортой байдлын талаар хийсэн судалгааны үр дүнгээ хуваалцаж хэлэлцүүлэг өрнүүлсэн болно.

Хоёр сургуулийн хувьд цаашид оюутан солилцоо хийх, манай төгсөгчид Катаниагийн их сургуулийн ахисан түвшинд суралцахад хөтөлбөрүүдийн хувьд ижил түвшний суралцахуйн үр дүн үзүүлсэн байх нь чухал гэдгийг анхаарах шаардлагатай байв.

Солилцооны үеэр соёлын олон арга хэмжээнд хамрагдаж Сицилийн болон Катаниагийн соёл урлагын онцлог бүтээлүүдтэй танилцав. Мөн Катаниагийн хуучны уран барилгууд өмчлөгчгүй болсон тохиолдолд засгийн газраас Катаниагийн их сургуульд хариуцуулсан нэлээд хэдэн барилгатай танилцсан ба түүн дотор Катаниагийн их сургуулийн Барилга, Архитектурын төгсөгчдийн бүтээлийг харуулах The Museum of Representation – тай танилцсан юм. Катаниагийн их сургуульд ажиллахдаа олж авсан хэрэгжүүлж болох гол санаанууд нь:

  • Барилга, Архитектурын судалгааны хүний нөөцийг хөгжүүлэхийн тулд үндэсний хэмжээний зорилтот докторын хөтөлбөр хэрэгжүүлж болох юм.
  • Ахисан түвшний сургалтын үйл ажиллагааг төсөл хөтөлбөртэй уялдаатай болгох нь судалгааны үр ашгийг нэн сайжруулж байна.
  • Оюутнуудад зориулсан хээрийн аялалуудыг аж ахуйн нэгжүүдтэй хамтран улирал бүрийн төгсгөлд хийх нь тухайн оюутан үзсэн хичээлээ бататгах боломж олгодог байна.
  • Тэнхим хооронд оюутнуудын баг үүсгэж тодорхой инженерийн асуудлыг шийдэх зуны сургалт зохион байгуулах нь оюутнуудын салбар дундын аргачлалыг сайжруулах боломжтой байна.

Солилцооны үеэрх нийт үйл ажиллагааг жагсаавал

  • Field trip to hydropower plant and Lake Ancipa
  • Mobility meeting at the international affairs office
  • Discussions on possible collaborations
  • Visit to hydraulic engineering laboratory
  • Seminar on Catania harbour planning
  • PhD dissertation defense by graduate students
  • Visit to The Museum of Representation
  • PhD awarding ceremony
  • Field trip Catania harbour breakwater construction site
  • Seminar on Science and Engineering for sustainability
  • Online discussion on future collaboration in research and education
  • Other cultural activities (museum, social activity, Opera etc.)

Солилцооны үеэр Катаниагийн их сургуулийн ректор Профессор Enrico Poti – той уулзсан бөгөөд тэрээр усны барилгын чиглэлийн нэр хүндтэй профессор юм.

Катаниагийн их сургуулийн Ректор Профессор Энрико Фотигийн хамт

Солилцооны хөтөлбөрт явах өргөдөл гаргах үед санал болгож байсан зорилтууд солилцооны үед бүрэн биелсэнийг дүгнэн хэлэхэд таатай байгаа ба хөтөлбөрийн үйл ажиллагааг дэмжин ажилласан ШУТИС болон Катаниагийн их сургуулийн төлөөллүүдэд талархал илэрхийлж байна.

Мэдээ бэлтгэсэн: ИБТэнхимийн ахлах багш Б.Аюурзана