ХТТ - Сургалтын хөтөлбөр

Бакалаврын хөтөлбөр 

ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА

“Хот ба бүс нутгийн төлөвлөлт” бакалаврын хөтөлбөр нь хот байгуулалт, бүс нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн онол, арга зүйн мэдлэгийг эзэмшсэн, бодит орон зайн асуудлыг шинжлэх ухаанд тулгуурлан шийдвэрлэх чадвартай мэргэжилтэн бэлтгэх зорилготой.

Хөтөлбөр нь хот байгуулалт, дэд бүтэц, байгаль орчны төлөвлөлт, нийгэм-эдийн засгийн үнэлгээ зэрэг салбар хоорондын мэдлэгийг уялдуулан эзэмшүүлэхэд чиглэнэ. Суралцагч хотын төлөвлөлтийн зураг төслийн ажил, бүс нутгийн хөгжлийн бодлого, судалгаанд оролцох ур чадвар эзэмшинэ.

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО

  • Хот, бүс нутгийн хөгжлийн онол, төлөвлөлтийн үндэс суурийг эзэмшүүлэх
  • Хот төлөвлөлтийн зураг төсөл, дүн шинжилгээ, судалгааны чадварыг хөгжүүлэх
  • Тогтвортой хөгжил, нийгмийн тэгш байдал, байгаль орчны хамгааллыг төлөвлөлтөд тусгах сэтгэлгээ төлөвшүүлэх
  • Орон нутгийн болон дэлхийн хөгжлийн чиг хандлагыг харьцуулан судалж, шүүмжлэлтэй сэтгэлгээг хөгжүүлэх

ХӨТӨЛБӨРИЙН АГУУЛГА, БҮТЭЦ

  • Хөтөлбөрийн нэр: Хот ба бүс нутгийн төлөвлөлт
  • Хөтөлбөрийн индекс: 073107
  • Хөтөлбөрийн түвшин: Бакалавр
  • Хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа: 4 жил
  • Сургалтын хэлбэр: Өдөр
  • Судлах нийт кредит: 120 багц цаг
  • Хөтөлбөрийн ангилал: Инженерчлэл (Engineering)
  • Олгох зэрэг: Техникийн ухааны бакалавр

Хөтөлбөрийн хичээлүүд нь үндсэн онолын мэдлэг, мэргэжлийн ур чадвар, зураг төслийн дадлага, судалгааны арга зүй, төгсөлтийн төслийг хамардаг.

ХИЧЭЭЛИЙН ГОЛ ЧИГЛЭЛҮҮД

  • Хот байгуулалт ба төлөвлөлтийн үндэс
  • Хотын орон зайн дүн шинжилгээ
  • Газар ашиглалт ба дэд бүтцийн төлөвлөлт
  • Бүс нутгийн хөгжил ба бодлого
  • Хотын зураг төсөл, төлөвлөлтийн студи
  • Байгаль орчны төлөвлөлт, хотын экологи
  • Судалгааны арга зүй ба мэдээллийн технологи

ТӨГСӨГЧДИЙН ЧАДВАР, АЖЛЫН ЧИГЛЭЛ

  • Төгсөгч нь дараах байгууллага, чиглэлээр ажиллах бүрэн чадвартай болно:
  • Хот байгуулалт, төлөвлөлтийн төрийн болон орон нутгийн байгууллагууд
  • Ерөнхий төлөвлөгөөний газар, аймаг, сумын хөгжлийн нэгжүүд
  • Хот төлөвлөлтийн зураг төсөл, архитектурын студи, консалтинг фирмүүд
  • Байгаль орчин, дэд бүтэц, зам тээврийн бодлогын агентлагууд
  • Судалгааны байгууллага, их дээд сургууль, төслийн байгууллагууд

ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

  • Суралцах хэлбэр: Өдөр
  • Элсэх шаардлага: Бүрэн дунд боловсролтой байх
  • Босго оноо: Элсэлтийн журамд заасан оноог хангасан байх
  • Бүрдүүлэх материал: Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, бүртгэлийн хуудас, зураг

ХӨТӨЛБӨРИЙН ОНЦЛОГ

  • Судалгаанд тулгуурласан сургалт: Хот, бүс нутгийн бодит мэдээлэл, дата дээр үндэслэсэн төслийн ажил
  • Олон улсын хамтын ажиллагаа: KOICA, Сөүлийн үндэсний их сургууль болон гадаад их сургуулиудтай хамтарсан сургалт, дадлага
  • Дадлага, туршлага: Хот байгуулалт, зураг төслийн компаниудад дадлага хийх өргөн боломж
  • Бүтээлч орчин: Суралцагчид багийн ажил, зураг төслийн уралдаан, судалгаанд оролцох боломж

УРИАЛГА

Хэрэв та хотын ирээдүйг шинжлэх ухаан, бүтээлч сэтгэлгээгээр төлөвлөж, нийгэм, орон зайн хөгжлийн асуудлыг шийдвэрлэх мэргэжил эзэмшихийг хүсэж байвал уг бакалаврын хөтөлбөр таны хамгийн зөв сонголт юм!

Магистрын хөтөлбөр 

ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА

“Хот ба бүс нутгийн төлөвлөлт” магистрын хөтөлбөр нь нийгэм, орон зайн хөгжлийн асуудлыг олон талт, шүүмжлэлтэй, шинжлэх ухааны үүднээс системтэйгээр судалж, онолын мэдлэгийг бодлогын үнэлгээ, төлөвлөлтийн практикт хэрэглэх чадвартай судлаачдыг бэлтгэхэд чиглэнэ.

Энэхүү хөтөлбөр нь орчин үеийн судалгааны арга зүйд суурилсан бөгөөд шинэлэг сэтгэлгээтэй, олон улсын болон салбар хоорондын хамтын ажиллагаанд нээлттэй, ёс зүйтэй судлаачдыг төлөвшүүлнэ. Магистр оюутнууд бодит асуудал шийдвэрлэхүйц судалгаа хийж, төлөвлөлтийн орчин дахь нийгмийн шударга ёс, тогтвортой хөгжил, соёлын өвийн ач холбогдлыг ойлгон, бодлогын шийдвэрт судалгааны үр дүнг нэвтрүүлэх мэдлэг, чадварыг эзэмшинэ.

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО

  • Хот, бүс нутгийн төлөвлөлтийн онол, бодлого, практикийг гүнзгийрүүлэн судлах
  • Шинжлэх ухааны үндэслэлтэй, бодит асуудлыг шийдвэрлэх судалгаа хийх арга зүйг эзэмшүүлэх
  • Тогтвортой хөгжил, нийгмийн тэгш байдал, соёлын өвийг судалгааны төвд авч үздэг судлаач төлөвшүүлэх
  • Судалгааны ёс зүй, нээлттэй мэтгэлцээнийг эрхэмлэсэн орчныг бүрдүүлэх
  • Орон нутгийн болон дэлхийн хөгжлийн хандлагыг харьцуулан судалж чадах шүүмжлэлтэй сэтгэлгээтэй судлаач бэлтгэх

ХӨТӨЛБӨРИЙН АГУУЛГА, БҮТЭЦ

Хөтөлбөрийн нэр:

Хот ба бүс нутгийн төлөвлөлт

Хөтөлбөрийн индекс:

073107

Хөтөлбөрийн түвшин:

Магистр (E)  

Хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа:

1,5-2 жил

Сургалтын хэлбэр:

Өдөр/Зайн  

Судлах нийт кредит:

Судалгааны магистр, 36 багц цаг 

Хөтөлбөрийн ангилал:

Инженерчлэл (Engineering)

Олгох зэрэг:

Техникийн ухааны магистр
 

ХИЧЭЭЛИЙН ҮНДСЭН ЧИГЛЭЛҮҮД:

ЧИГЛЭЛ

ТАЙЛБАР

Хот ба бүс нутгийн онол

Хот, бүсийн хөгжил ба бодлогын онол, төлөвлөлтийн үүрэг, суурь мэдлэг

Судалгааны арга зүй

Чанарын болон тоон судалгааны арга, өгөгдөл цуглуулах, дүн шинжилгээ хийх

Хотын орон зайн дүн шинжилгээ

Хотын бүтэц, нийгэм-эдийн засгийн үзүүлэлт, газар ашиглалтын дүн шинжилгээ

Бодлого ба төлөвлөлтийн шинжилгээ

Бодлого боловсруулах үйл явц, хэрэгжилтийн үнэлгээ, хууль эрх зүй

Хотын түүх, соёл ба үнэт зүйлс

Хотын өв, соёлын үнэлэмж, орон нутгийн онцлогт тулгуурласан хөгжил

Магистрын судалгааны семинар

Судалгааны сэдэв боловсруулах, бичих, мэтгэлцэх чадвар хөгжүүлэх

ТӨГСӨГЧДИЙН АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ

“Хот ба бүс нутгийн төлөвлөлт” магистрын хөтөлбөрийг дүүргэсэн төгсөгчид дараах чиглэлүүдэд ажиллах, цаашид докторын түвшинд суралцах боломжтой:

Төрийн байгууллагад:

  • Хот байгуулалтын газар, нийслэл болон орон нутгийн ерөнхий төлөвлөгөөний алба
  • Аймаг/сумын Засаг даргын Тамгын газар, бүсийн хөгжлийн бодлого боловсруулагч нэгжүүд
  • Байгаль орчны, зам тээврийн, дэд бүтцийн бодлогын хэлтэс, агентлагууд

Судалгаа, бодлого боловсруулах байгууллагад:

  • Шинжлэх ухааны академи, Их дээд сургуулийн судалгааны төвүүд
  • Бодлого, хөгжлийн судалгааны хүрээлэн, Тогтвортой хөгжлийн судалгааны байгууллагууд
  • Хот төлөвлөлтийн бодлогын зөвлөх үйлчилгээ үзүүлэгч ТББ, олон улсын төсөл хэрэгжүүлэгч байгууллагууд

Төсөл хэрэгжүүлэгч болон хувийн байгууллагад:

  • Хот байгуулалтын зураг төслийн компаниуд
  • Архитектур болон хот төлөвлөлтийн дизайн студиуд
  • Газар зохион байгуулалтын компаниуд, консалтинг фирмүүд
  • Хотын дата, орон зайн шинжилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг стартапууд

Гадаад, дотоод их дээд сургуульд:

Докторын түвшний сургалтад дотоодын болон гадаадын их сургуулиудад үргэлжлүүлэн суралцах

ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

Суралцах хэлбэр: Өдөр / Зайн

Элсэх үндсэн нөхцөл: Бакалаврын зэрэгтэй байх

Салбар харгалзах чиглэлүүд: Хот байгуулалт, архитектур, инженерчлэл, нийгмийн шинжлэх ухаан, эдийн засаг, газар зохион байгуулалт болон бусад уялдаа бүхий мэргэжлүүд

Шаардлагатай материал: Дипломын хуулбар, дүнгийн тодорхойлолт, судалгааны зорилго бүхий эссэ, CV

ХЭРЭВ ТА НИЙГЭМ БА ОРОН ЗАЙН ХӨГЖЛИЙГ ШИНЖЛЭХ УХААНЧ ХАНДЛАГААР СУДАЛЖ, ХОТЫН ИРЭЭДҮЙГ ЗӨВ ТӨЛӨВЛӨХӨД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛАХЫГ ХҮСЭЖ БАЙВАЛ ЭНЭ ХӨТӨЛБӨР ТАНЫ ЗӨВ СОНГОЛТ БОЛНО!

Докторын хөтөлбөр 

ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА

“Хот ба бүс нутгийн төлөвлөлт” докторын хөтөлбөр нь БНСУ-ын KOICA байгууллага, Сөүлийн үндэсний их сургууль, ШУТИС-ийн хамтын “S-Quad (Sustainable, Safe, Smart City with SNU)” төслийн хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд Монгол Улсын хот байгуулалтын салбарын дээд боловсролын чадавхыг бэхжүүлэх, хот байгуулалт, бүс нутгийн хөгжлийн бодлого-судалгааны чадамжийг сайжруулах зорилготой.

Хөтөлбөр нь Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл (БМИҮЗ)-д урьдчилан магадлан итгэмжлүүлэхээр боловсруулагдсан бөгөөд ШУТИС-ийн чанарын баталгаажуулалтын тогтолцоонд бүрэн нийцсэн болно.

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО

  • Хот ба бүс нутгийн төлөвлөлтийн онол, бодлого, практикийг гүнзгий түвшинд судлах;
  • Шинжлэх ухаанд суурилсан судалгаа, дүн шинжилгээ, бодлого боловсруулах чадвартай судлаачдыг бэлтгэх;
  • Тогтвортой, аюулгүй, ухаалаг хот төлөвлөлтийн чиглэлээр шинэлэг санаа, арга зүй хөгжүүлэх;
  • Олон улсын болон салбар хоорондын судалгаанд оролцох, хамтран ажиллах чадварыг төлөвшүүлэх.

ХӨТӨЛБӨРИЙН АГУУЛГА, БҮТЭЦ

  • Хөтөлбөрийн нэр: Хот ба бүс нутгийн төлөвлөлт
  • Хөтөлбөрийн индекс: 073107
  • Хөтөлбөрийн түвшин: Доктор (Ph.D)
  • Сургалтын үргэлжлэх хугацаа: 3 жил
  • Судлах нийт кредит: 66 багц цаг
  • Сургалтын хэлбэр: Өдөр
  • Хөтөлбөрийн ангилал: Инженерчлэл (Engineering)
  • Олгох зэрэг: Техникийн ухааны доктор

Хөтөлбөрийн  сургалтын төлөвлөгөө нь үндсэн судалгааны багц хичээл, сонгон судлах хичээл, судалгааны семинар болон докторын диссертаци бичих ажлаас бүрдэнэ.

Сургалтын агуулгыг Сөүлийн Үндэсний Их Сургуультай хамтран боловсруулж, **Planning Accreditation Board (PAB)**-ын шалгуурт нийцүүлэн боловсруулсан болно.

СУДАЛГААНЫ ГОЛ ЧИГЛЭЛҮҮД

  • Хот байгуулалт ба тогтвортой хөгжил
  • Хот, бүс нутгийн бодлого ба удирдлага
  • Газар ашиглалт ба орон зайн төлөвлөлт
  • Байгаль орчны төлөвлөлт ба уур амьсгалын нөлөө
  • Дэд бүтэц, хөдөлгөөний төлөвлөлт
  • Ухаалаг, дата-тулгуурт хот төлөвлөлт

ХӨТӨЛБӨРИЙН ОНЦЛОГ

  • Олон улсын хамтын ажиллагаа: Сөүлийн үндэсний их сургууль болон БНСУ-ын эрдэмтдийн хамтарсан хичээл, семинар, судалгаанд оролцох боломж;
  • Судалгаанд суурилсан сургалт: Үр дүнд суурилсан сургалтын арга зүйгээр судалгааны ур чадвар, шинжилгээний арга барилыг гүнзгийрүүлнэ;
  • Чанарын баталгаажуулалт: ШУТИС-ийн хөтөлбөрийн ерөнхий хороогоор хэлэлцэн батлагдсан чанарын удирдлагын тогтолцоотой;
  • Бүтээлч орчин:Олон улсын төслүүдэд хамрагдах, эрдэм шинжилгээний хурал, судалгааны өгүүлэлд оролцох өргөн боломж.

ТӨГСӨГЧДИЙН ЧАДВАР, АЖЛЫН ЧИГЛЭЛ

  • Төгсөгч нь дараах чиглэлээр ажиллах бүрэн чадвартай судлаач болно.
  • Хот байгуулалт, төлөвлөлтийн төрийн болон орон нутгийн байгууллагууд;
  • Судалгааны хүрээлэн, их дээд сургуулиуд;
  • Хот төлөвлөлтийн зураг төсөл, бодлогын зөвлөх байгууллагууд;
  • Олон улсын төсөл, консалтинг, дата-судалгааны төвүүд.

ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

  • Суралцах хэлбэр: Өдөр
  • Элсэх шаардлага:Магистрын зэрэгтэй байх
  • Холбогдох мэргэжлийн чиглэл: Хот байгуулалт, архитектур, инженерчлэл, нийгмийн шинжлэх ухаан, эдийн засаг, газар зохион байгуулалт болон уялдаа бүхий чиглэлүүд
  • Бүрдүүлэх материал: Диплом, дүнгийн тодорхойлолт, судалгааны санал (эссэ), CV

УРИАЛГА

Хэрэв та хотын хөгжил, бүс нутгийн орон зайн бодлогыг шинжлэх ухаанд тулгуурлан судалж, Монгол Улсын ирээдүйн ухаалаг, тогтвортой хотуудыг төлөвлөхөд хувь нэмэр оруулахыг хүсэж байвал уг докторын хөтөлбөр таны зөв сонголт юм!

Хос зэрэг 

“Хот ба бүс нутгийн төлөвлөлт” хос зэргийн магистрын хөтөлбөрийн танилцуулга

3. 1+1 хос зэрэгтэй хөтөлбөр (ШУТИС + Сөүлийн Үндэсний Их Сургууль)

  • Эхний жилдээ заавал ШУТИС-ийн “Хот ба бүс нутгийн төлөвлөлт” хөтөлбөрт элсэж, 1 жил амжилттай суралцах ёстой.
  • Дараа нь Сөүлийн Үндэсний Их Сургуульд (SNU) давхар элсэн орно.
  • Хэлний шаардлага:
    • TOEFL iBT 86 ба түүнээс дээш, эсвэл
    • TOPIK level 3 ба түүнээс дээш, эсвэл
    • TEPS 327 ба түүнээс дээш оноо.
  • Суралцах эрхийн шалгуур:
    • ШУТИС-ийн “Хот ба бүс нутгийн төлөвлөлт” магистрын хөтөлбөрт элссэн байх.
    • Нэг жил GPA 3.2 ба түүнээс дээш амжилттай дүүргэсэн байх.
    • Бүх шаардлагатай хичээлийг 74 ба түүнээс дээш үнэлгээгээр дүүргэсэн байх.
    • Судалгааны төлөвлөгөө, судалгааны ажилтай байх.
    • Солонгос улсад суралцах эрхийг хязгаарлах шалтгаангүй байх.

4. Санхүүгийн нөхцөл ба тэтгэлэг

  • Сургалтын төлбөр: Оюутан эх сургууль болох ШУТИС-д сургалтын төлбөрөө төлснөөр SNU элсэлтийн шалгалт, элсэлтийн хураамж, диссертацын үнэлгээний төлбөрөөс чөлөөлнө. Сургалтын төлбөрийг тэтгэлэг болгон оюутанд буцаан олгоно. 
  • Тэтгэлэг:
    • Монголд: Улирал бүр дүнгийн голч дүнгээр тодорхой тооны оюутанд 100% эсвэл 50% сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоно.
    • Солонгос: 1,8 сая вон (сар бүр)
      • Хүлээн авагч сургууль руу явах, буцах аяллын зардал
      • Амьдралын өдөр тутмын зардал
      • Эрүүл мэндийн даатгал
      • Паспорт ба визний төлбөр
      • Байрны төлбөр
      • Судалгааны хугацаанд гарах бусад хувийн зардлууд багтсан. 

5. Кредит болон хичээлийн зохион байгуулалт

  • Оюутан нийт 32 кредит судлах шаардлагатай.
  • Ерөнхий эрдмийн болон мэргэшүүлэх холбогдох хичээлийн талыг заавал Монгол Улсад, ШУТИС-д судалж дуусгах ёстой.
  • Дипломын ажлыг англи хэл дээр бичнэ.
  • Сөүлийн Үндэсний Их Сургуульд дипломын ажлаа хамгаалсны дараа, ШУТИС-ийн магистрын хамгаалалтыг хийж, ийнхүү хос зэрэгтэй төгсөнө