Хот төлөвлөлтийн тэнхим

Танилцуулга

Хот төлөвлөлтийн тэнхим нь 2024 онд байгуулагдсан шинэ бүтэц бөгөөд “Хот ба бүс нутгийн төлөвлөлт” хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажилладаг. Тус тэнхимийг нийт 10 багш, ажилтантай зохион байгуулах ШУТИС-ийн ректорын тушаал гарч, архитектурын тэнхимд ажиллаж байсан багш нараас санал авч тус тэнхимийн багшлах багийг бүрдүүлж, сургалт болон судалгааны ажил гүйцэтгэж эхэлсэн. Хот ба бүс нутгийн төлөвлөлт хөтөлбөр 2023 оны хичээлийн шинэ жилээс магистрын сургалтаар эхэлсэн бол 2024 оноос бакалавр, докторын түвшний хөтөлбөр нээгдсэнээр бүхий л түвшинд оюутнууд элсэн орж сургалт, судалгааны ажил эрчимжсэн.

Тус тэнхимийг байгуулахад БНСУ-ын “Монгол улсын хот төлөвлөлтийн дээд боловсролын чадавхыг бэхжүүлэх” төсөл хүндтэй үүрэг гүйцэтгэсэн бөгөөд энэ хүрээнд суралцагч оюутнууд маань Сөүлийн үндэсний их сургуулийн багш нараас суралцах, хичээл заалгахаас гадна магистрын түвшний 1+1, докторын түвшний 2+2 хөтөлбөрүүд нь тус сургуульд очиж суралцах боломжийг бүрдүүлсэн. Энэ хамтарсан хөтөлбөрт магистрын 2 оюутан хамрагдаж хоёр сургуулийн дипломыг зэрэг гардан авсан бөгөөд энэ хөтөлбөрийг оюутнууд сонгож суралцсаар байна. Тус төслийн хүрээнд мэргэжлийн хичээл болох “Хот төлөвлөлтийн төсөл” хичээл орох иж бүрэн тоноглогдсон семинарын танхим, туршилт болон судалгаа хийх симуляцын лабораторийг зориулалтад нийцүүлэн засварлан шинэчилсэн нь хичээлийн суралцахуйн үр дүн (CLO)-д эерэг нөлөөлөхөөс гадна мэргэжлийн ангийн оюутнуудын тасралтгүй суралцах орон зай сайжирлаа. Мөн лекцийн хичээлүүдэд ашиглагдах ном, сурах бичиг болон семинарын хичээлүүдэд зориулсан гарын авлага, материалууд бүхий жижиг номын сан байгуулснаар эх бүтээлийн фонд бий болж хүртээмж нэмэгдсэн. Үүнээс гадна мэргэжлийн номуудыг зохиогчийн зөвшөөрөлтэй орчуулан гаргаж байгаа нь эх хэл дээрх мэргэжлийн номын тоог нэмэгдүүлэхийг зэрэгцээ хичээлүүдэд өргөн ашиглагдаж, оюутны мэдлэгийг тэлэх үндэс болж байна.

Жил ирэх тутам тус хөтөлбөрөөр суралцах оюутны тоо нэмэгдэж байгаа нь нийгмийн хэрэгцээг тодорхойлохуйц үзүүлэлт бөгөөд Хөтөлбөрийн суралцахуйн үр дүн (PLO)-г тасралтгүй сайжруулах ажил хийгдэж байна. Хөтөлбөрийн үр дүнг сайжруулах зорилгоор Францын Парис Ла Виллеттийн архитектурын сургууль болон Лиллийн хот төлөвлөлтийн сургууль, Японы Токио их сургуультай хамтын ажиллагаа эхлүүлсэн бөгөөд хамтарсан сургалт, судалгаа гүйцэтгэхээс гадна сургууль хоорондын оюутан солилцоо бий болгох зорилт тавьж байна. Ялангуяа хөтөлбөрийн бакалаврын түвшний сургалтыг хот, суурин газрын орон зайн төлөвлөлт ба инженерчлэлийн асуудалд түлхүү чиглэхээр зорьж байгаа тул нэр хүндтэй их сургуулиудын хөтөлбөрийг судлах, дэвшилтэт агуулга болон хандлагыг өөрийн цаг уур, нийгэм-соёл, хэрэгцээнд нийцүүлэн нутагшуулах шаардлагууд тулгарч байгаа юм.

“Хот ба бүс нутгийн төлөвлөлт” хөтөлбөрийн бакалаврын зэргээр төгсөгч оюутнууд нь “Хот төлөвлөгч” мэргэжилтэй болох бол магистрын зэргээр суралцагч нь “Хот төлөвлөлтийн шинжлэх ухааны магистр” –ын зэрэг гардан авдаг. Хот төлөвлөлтийн талаар бүрэн мэдлэг, ойлголт, бодолтой олон төгсөгч бэлтгэгдэх нь бидний амьдрах орчин болох хот, суурин газраа ирээдүйд илүү сайхнаар цогцлоон бүтээх төлөвлөгч, судлаач, мэргэжилтэн, инновацчлагчдын баг бүрдэнэ гэдэгт найдаж байна.