Австри улсын Вена хотын Хэрэглээний шинжлэх ухааны сургуульд “FROM LAB TO LECTURE Connecting research, teaching and industry” International Week 2026 хуралд 2026 оны 05 дугаар сарын 18- 22 өдрүүдэд ШУТИС, БАС, Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхимийн багш нар оролцлоо.

Австри улсын Вена хотын Хэрэглээний шинжлэх ухааны сургуульд (UASTW) “FROM LAB TO LECTURE Connecting research, teaching and industry” International Week 2026 уулзалтад 2026 оны 05 дугаар сарын 18-22 өдрүүдэд ШУТИС, Барилга Архитектурын Сургуулийн Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхимийн Б.Мөнхбаяр, Б.Лхагвадулам, Ч.Наранцацрал, А.Зул багш нар оролцлоо.

Энэхүү уулзалтад Финланд, Франц, Герман, Ирланд, Итали, Мексик, Монгол, Нидерланд, Намибиа, Норвег, Швед, Швейцар, Өмнөд Африк, АНУ, Англи, Австри улсын их сургууль, бизнесийн байгууллагын 40 орчим төлөөлөл оролцлоо.

Уулзалтын үеэр Дээд боловсролын байгууллагуудын үүрэг, хөгжил болон судалгаа, инновацын шинэ чиглэлүүд, Их сургуулийн танхимын сургалт, хамтын сургалт, судалгаа шинжилгээний үйл ажиллагааны уялдаа холбоо, Ажлын байртай уялдсан сургалтын хөтөлбөр ба төгсөлтийн үр дүн, хиймэл оюун ухааны технологи зэрэг олон илтгэл, хэлэлцүүлгүүд явлаа.

Хэлэлцүүлгийн үеэр бакалавр, магистрын түвшний оюутнуудын дипломын ажлын сэдвийн санааг хамтран хөгжүүлэх, хамтарсан сургалт, судалгааны хөтөлбөр хэрэгжүүлэх боломж, оролцогчид өөрсдийн орны туршлага, сайн жишээ, тулгарч буй сорилтуудыг танилцуулж, санал солилцлоо.

Rewe Group компанийн үйл ажиллагаатай танилцаж, ажлын байран дээр дадлага хийдэг сайн туршлагуудтай танилцав. Мөн Salzburg хоттой танилцах аялал хийлээ.

UASTW -ийн “Хотын сэргээгдэх эрчим хүч болон Байгальд ээлтэй барилгын техник” болон “Life Science Engineering” салбар, хөтөлбөрийн  багш нар, лабораторитой танилцаж, одоогийн байдал, цаашдын хамын ажиллагааны талаар ярилцлаа.

Цаашид бид энэхүү ажлын хүрээнд дараах ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Үүнд:

  • Дулааны насосын туршилтын лабораторийг судлах
  • “Байгальд ээлтэй барилгын техник” магистрын хөтөлбөрийн санал боловсруулах
  • Smart-up toolbox-ийг орчуулж бэлтгэн сургалтад ашиглах
  • Ажлын байртай уялдсан сургалтын хөтөлбөрийн агуулгыг шинэчлэх санал боловсруулах
  • Лабораторийн туршилт, шинжилгээг бакалавр, магистрын сургалтын агуулгад оруулах.

 

 Мэдээ бэлтгэсэн: Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхим