ШУТИС-ийн Барилга, Архитектурын сургуулийн (БАС) Хот төлөвлөлт болон Архитектурын тэнхим нь Францын Парис Ла Вилеттийн Архитектурын Үндэсний Дээд сургууль (ENSAPLV)-ийн архитектур, хот төлөвлөлтийн багш, оюутнуудтай хамтран, Erasmus+ олон улсын солилцооны хөтөлбөрийн хүрээнд 2025 оны 9 дүгээр сарын 22-ноос 10 дугаар сарын 4-ний өдрүүдэд Улаанбаатар хотод 10 дахь удаагийн хамтарсан судалгаа, сургалтын ателье-г амжилттай зохион байгууллаа.
Хамтарсан семинарт хоёр талаас тус бүр 8 оюутан, нийт 16 оюутан оролцсон бөгөөд тэд Улиастай (зүүн болон баруун), Шархад орчмын хотын захын бүсүүдэд ажиллаж, орон зайн ажиглалт, санал асуулга, ярилцлага, газар дээрх судалгаа хийж гүйцэтгэсэн. Оюутнууд тухайн байршлын нийгэм, биет орчны төлөв, бүтцийн онцлог, иргэдийн өдөр тутмын амьдралын хэв маяг, хэрэгцээ, санал хүсэлт, сул ба давуу талууд зэргийг мэргэжлийн үүднээс олон өнцгөөс судалж, хотын захын орон зайн тулгамдсан асуудлуудыг тодорхойлж, шинжилгээ хийсэн юм.
Энэхүү ажиглалт, судалгааны үр дүн нь цаашдын орон зайн төсөл, дизайны шатны шийдэл боловсруулахад шаардлагатай суурь мэдлэг, орчны ойлголтыг бүрдүүлж, тухайн орчныг иргэдийн оролцоонд суурилан төлөвлөх арга зүйг хэрэгжүүлэх суурь алхам юм. Оюутнууд судалгааны үр дүнгээ Барилга, Архитектурын сургуулийн нээлттэй семинарын үеэр хэлэлцүүлэн танилцуулсан. Хамтарсан судалгаа, сургалтыг франц талаас профессор Olivier Boucheron, багш Louise Lepage, Christiane Blancot, монгол талаас Хот төлөвлөлтийн тэнхимийн ахлах багш А.Өэлүн, Архитектурын тэнхимийн багш Г.Халиун, Хот төлөвлөлтийн тэнхимийн гэрээт багш Т.Энхжин нар удирдан чиглүүлсэн.

Зураг 1. Судалгааны байршил дээр ажилласны дараа оюутнууд багш нарын хамт орон зайн дүн шинжилгээг хэлэлцэж, зөвлөгөө авч байгаа үйл явц
Зураг 2. Оюутнуудын газар дээр хийсэн судалгааны тэмдэглэл, ажиглалтын зураглал
Түүнчлэн, 2025 оны 10-р сарын 03-ны өдөр профессор, архитектор Оливье Бушерон "The City from Below: Experiences and Method in UB" сэдвээр нээлттэй лекц уншсан нь зөвхөн ШУТИС-ийн багш, оюутнууд бус, практик дээр ажиллаж буй архитекторууд, хот төлөвлөлтийн мэргэжилтнүүдийг өргөнөөр хамруулж, хоёр талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чухал алхам боллоо.

Зураг 3. профессор Оливье Бушероны нээлттэй лекцийн үеийн агшин – "The City from Below: Experiences and Method in UB"
Хамтын ажиллагааны хүрээнд БАС-ийн Хот төлөвлөлтийн тэнхим болон ENSAPLV цаашид: -“Хотын дизайн”, “Хот төлөвлөлтийн төсөл” зэрэг практик цөм хичээлүүдийн агуулгыг хамтран шинэчлэн сайжруулах; Улаанбаатар хот дахь судалгааны туршлагадаа үндэслэн бусад аймаг, сумын төвүүдэд тулгамдаж буй хот төлөвлөлтийн асуудлыг хамарсан газар дээрх судалгаа, сургалтын боломжийг эрэлхийлэх, мөн хамтарсан ном, сурах бичиг боловсруулах зэрэг олон талт чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тохиролцлоо.

Зураг 4. Хот төлөвлөлтийн тэнхимийн “Хот ба бүс нутгийн төлөвлөлт” бакалаврын хөтөлбөрийн Хот төлөвлөлтийн төсөл цөм хичээлийн хөтөлбөрийн тухай ярилцаж буй агшин (Хот төлөвлөлтийн тэнхимийн эрхлэгч Э.Пүрэв-Эрдэнэ, ахлах багш А.Өэлүн, ENSAPLV профессор Оливьер Бушерон нар ).
ШУТИС болон ENSAPLV-ийн хамтын ажиллагаа нь зөвхөн оюутны солилцоо, судалгаагаар хязгаарлагдахгүй бөгөөд сургалтын хөтөлбөр шинэчлэл, багш судлаачдын хамтын судалгаа, олон нийтэд зориулсан арга хэмжээ, цаашдын хамтарсан бүтээл, орон нутгийг хамарсан өргөтгөсөн судалгааны санаачилгаар дамжин тогтвортой, цогц түншлэл болон өргөжиж байна.
Энэхүү ажлын хүрээнд оролцогч талууд харилцан суралцаж, шинэлэг арга зүйг туршин хэрэгжүүлж, хотын орон зайн асуудалд олон өнцгөөс, хариуцлагатай, шүүмжлэлтэй ханддаг ур чадвар, төлөвшлийг хөгжүүлэх өргөн боломж нээгдэж байгааг энэ удаагийн хамтарсан семинар, судалгаа, лекцүүд тодорхой харууллаа.
Мэдээ бэлтгэсэн: БАС-ийн Хот төлөвлөлтийн ахлах багш А.Өэлүн
ШУТИС-ИЙН БАРИЛГА, АРХИТЕКТУРЫН СУРГУУЛЬ БОЛОН ENSAPLV-ИЙН ХАМТЫН ГЭРЭЭ, ERASMUS+ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХЭРЭГЖҮҮЛСЭН 10 ДАХЬ УДААГИЙН ХАМТАРСАН СУДАЛГАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
ШУТИС, Барилга Архитектурын Сургууль, Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхимийн “071205 Хаягдал боловсруулах технологи” хөтөлбөрийн мэргэжлийн зөвлөлийн хэлэлцүүлэг ба Шинэ номын нээлт боллоо.
“ЗАМ, ГҮҮРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТТАЙ ТАНИЛЦАХ ӨДӨРЛӨГ” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
ИНЖЕНЕРИЙН БАЙГУУЛАМЖИЙН ТЭНХИМЭЭС ТӨГСӨГЧДИЙН НЭРЭМЖИТ 3 ТӨРӨЛТ СПОРТЫН ТЭМЦЭЭНИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
2025.10.07-ны 18 цагт 2-202 тоотод БАС-ийн оюутны зөвлөл, ангийн дарга нартай уулзалт хийлээ.